Nirunzu -Xархулангийн бөгж

Контент ID 3320
Ангилал Ном сурах бичиг
Хэл Монгол
Файлын тоо 3
Хэмжээ 32.4 MB
Оруулсан bebnos

ОРШИЛ

Мөнх хааны зарлигаар төмөр гахай жилийн намар эх нутгаасаа гараад даруй 5 жил болж буй Монголын баруун зүгийн их цэрэг арабын их цөлийг гатлан эртний түүхт Дамаск хотын чулуун хэрмэнд тулжээ. Хөлөг морьдынхоо гүрээний судсыг ханаж цусыг нь шимсээр ангамал цөлийг арайхийн туулсан цэрэг эрс хотоос хараа дөнгөж хүрэх газрын баян бүрдийг түшиглэн тэнхээжиж, арван гуравдахь өдрөө хотыг дайрсан авч сайтар бэлдэн бэхэлсэн маврын гол хүчин төвлөрсөн хотын хэрэмнээс галт сум, галт бөмбөгөөр харван эсэргүүцэж огтхон ч үл ойртуулах бөлгөө.

Загалмайтны аян дайны гашуун галд хатуужин чангарч европын эрэлхэг рыцариудыг хиар цохин алдар суугаа бадруулсан арабын хүчирхэг дайчид омог чадалдаа эрдэн хэрмийн дотроос уулгалан гарч дайрахаар өндөлзөн авч, хоёрхон жилийн өмнө германы Одер мөрний эрэг дээр франц, германы хамтарсан ялгуусан рыцариудын армийг бут цохисон монголын цэргийг тухай мэдээ авсан арабын хашир жанжид өчүүхэн баянбүрдийг түшсэн их цэрэг ганцхан сарын дараа хүчээ алдан сарнина гэж тооцоод хэрмийн дотор тэвчээртэй хориглохыг тушаажээ.

Эдүгээ арван гуравдахь хоног дээрээ баян бүрд их цэргийн агтны хөлд талхлагдаж дууссан ба булгийн ундаргыг хамгаалах баг цэргээс бусдыг цөл рүү гаргаж байршуулсан Хүлэгэ хаан мянгатын жанжидыг дуудан хуралдай зарлаж, алтан улсаас авчирсан дариар цэргийн дархцуулын бүтээсэн тэсрэх бөмбөгийг хэрмийн хаалганд хэрхэн байрлуулж дэлбэлэх талаар хэлэлцэн бүхийд өөрийн зуун цэргийг эрхий мэргэн харваач болгон сургасан, битүү хуягласан рыцарын нүдийг алдалгүй харвадаг Хархуланг бүгд санацгааж өөрийн саналаа хэлсүгэй хэмээн дуудуулжээ.