ХОЙТ МЭРГЭН ТЭВНИЙН ДОМОГ

Контент ID 3321
Ангилал Ном сурах бичиг
Хэл Монгол
Файлын тоо 3
Хэмжээ 32.2 MB
Оруулсан bebnos

Эрт урьдын цагт гэнэ

Элэнц хуланцийн үед гэнэ

Энэ газраас хол гэнэ

Эгц хойт зүгт гэнэ

Нэр усгүй нэгэн өвгөн амьдарч байж гэнэ. Хүн амьтнаас хэтэрсэн цэцэн мэргэн ухаантай, үдийн замд босгосон тэвнийн сүвэгчийг сэт харвадаг гайхалтай цэцэн харваач болохоор Хойт мэргэн Тэвнэ гэж алдаршсан гэнэ. Тэр олны дунд тэнэг төрсөн Аравсар гэгч ганц хүүтэй, орчлон дээрээс олдошгүй "Хар хилэн согсор" гэгч хурдан шартай юм байж гэнэ.

Хүү нь даанч тэнэг болохоор яаж хүн болгох, яаж бэр буулгах билээ гэж л санаа зовон суудаг байжээ. Нэгэн өдөр хүү Аравсараа дуудаж,

– Аавын буйд элгэн саднаа таньдаг, агтын буйд газар усыг үздэг. Одоо хүү минь,

Гадна дотно явах болжээ

Газар усыг үзэх болжээ

Гал голомт манах болжээ

Ганц ааваа тэжээх болжээ

Аав нь чамд зуун хуц өгье. Чи зүглэсэн зүгтээ зуун хоног явж худалдаа хийгээд ир. Уут сав, дээс шидмэс, хоол хүнс, зоос мөнгө бүгд хуцанд буй. Ирэхдээ чи заавал зуун зүйлийн бараатай ирэх хэрэгтэй. Олз омогтой яваад ирдэг бол сурлага /сурсан/ чинь тэр. Чадахгүй турж өлбөрдөг бол дөнжиг /хувь/ чинь тэр! гэж хэлээд зуун хуц туулган явуулж гэнэ.