РИЧАРД БАХ ЖОНАТАН ЛИВИНГСТОН ХЭМЭЭХ ЦАХЛАЙ

Контент ID 3262
Ангилал Ном сурах бичиг
Хэл Монгол
Файлын тоо 3
Хэмжээ 32.1 MB
Оруулсан bebnos

Тэргүүн хэсэг

Өглөө болж идэрхэн нар, намуухан далай дээр тусч, гэрэл, туяа нь бяцхан давалгаануудтай наадан бүжиглэнэ. Эргээс нэг бээрийн зайтай хөвж буй усан онгоцноос дотроо идэш өгөөштэй тор хаяж загас барих гэж байна гэсэн мэдээ нүд ирмэх зуур өглөөний хоолоо идэх гэж байсан Сүрэг цахлайн сонорт хүрчээ. Тэр дорхиноо мянга мянган цахлай агаарт хөөрч, усан онгоцыг тойрон үймж, авхаалж самбаа, арга залийг уралдуулан, бор ходоодоо борлуулна. Ингэж хорвоогийн бас нэг зовлонт өдөр эхлэв.

Гэтэл усан онгоц, хуурай газраас хол орших тэнгэр огторгуйд Жонатан Ливингстон нэртэй цахлай ганцаараа нисэн дүүлж бэлтгэл сургууль хийж байв. Зуун тохой хэртээ өндөрт дүүлснээ гэдсэн дороо хумьсан хоёр хөлөө сул унжуулж, хушуугаа өөд нь өргөж, нум лугаа адил тахир хоёр далавчаа урагш нь сунгаж, хамаг бие нь айхтар өвдсөн ч тэвчиж, ийм байдалтайгаар нэг хэсэг нисэхийг хичээх ажээ. Урагш нь сунгасан хоёр далавч нь хурдыг нь сааруулжээ. Одоо ийм удаан нисэхэд, салхи чихнийх нь дэргэдүүр дуулдахтай үгүйтэй сэрчигнэн, доор нь цэнхэртэн харагдах далай огт хөдлөхөө больсон мэт санагдана. Нүдэнд нь гал ассаыг харвал нэгэн зүйл рүү бүх бие сэтгэлээрээ тэмүүлсэн нь илэрхий. Амьсгалаа хорьж далавчаа дөнгөж... ердөө л хоёр хуруу хэртэй хумив. Тэр дороо өд сөд нь сөрвийж хурд нь саарсаар... цахлай доош уналаа.